loader

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2020, 2030

 

Архитектур орон зайн байдал

Эрдэнэ цагаан сум нь Чоно голын эрэг дагуу Алтан овоо, Билүүт, Цагаан овоо уулын дунд байрладаг. Сумын төв нь сунаж тогтсон уртаашаа 3 км орчим урт бөгөөд газрын налуу багатай хэсгүүдээр оршин суугчид нь суурьшсан.

Одоогийн байдлаар сум нь төв хэсэгтээ Засаг даргын тамгын газар, музей, хийд, тагнуулын тасаг, шуудан холбоо, эмнэлэг, соёлын төв зэрэг захиргааны байгууллагууд төвлөрсөн. Сум нь Бичигт-Зүүн Хатавч боомттой ойр учир жуулчдад зориулж Хийдийн зүүн талд 4 давхар зочид буудалтай болсон байна. Энэ барилга нь сумын хамгийн өндөр, орчин үеийн архитектур дизайны шийдэлтэй ганц байгууламж юм. Соёлын төвийн урд байрлах айл өрхүүд нь хоорондоо үргэлжилсэн залгаа байдаг тул авто машин болон хүн орох орц, гарцгүй байна. Цаашид энэ хэсгийг эмх цэгцтэй болгох шаардлагатай.

Одоо байгаа Чойрын дуганыг 2005 онд туурин дээр нь дахин сэргээсэн байна.  Өмнө нь уг дуганыг тойрон лам нарын амьдардаг cууцууд байсан ба өнөөдрийг хүртэл хэвээр үлдсэн байна. Одоо эдгээр сууцуудад айлууд байдаг. Энэ хэсгийг нутгийн архитектурын өв болгож хадгалан үлдээх шаардлагатай.

Засгийн газрын “Шинэ сум” төслийн дагуу хийдийн зүүн хэсэгт захиргааны болон нийгмийн хангамжийн барилгуудыг дулаанаар хангах нам даралттай зуух барьж ашиглалтад оруулах гэж байна. Мөн төвийн урагшаа Чоно голын дагуу цэвэр усны худаг, цэвэрлэх байгууламж ашиглалтад орох гэж байна.

Сумын зүүн хэсэгт худалдааны төвүүд байрладаг. Цэргийн анги энэ хэсэгт байрлах бөгөөд ангийн албан хаагчдад зориулсан 2 айлын жишиг маягийн сууцууд баригдсан байна. Сумын хэмжээнд 2 цэцэрлэг байдгаас 1 цэцэрлэг нь энэ хэсэгт байдаг. Мөн салхин сэнс, цаг уурын станц сумын зүүн хэсэгт байна. Энэ хэсэг нь хамгийн их барилгажиж хөгжсөн хэсэг бөгөөд худалдаа, үйлчилгээний төвүүд байрлах хамгийн тохиромжтой газар юм.

Сумын гэр хороолол баруун, зүүн хэсгийн нутаг дэвсгэрийг хамардаг. Гэр хорооллын хяналтгүй тэлэлтээс шалтгаалан олон асуудал үүсч байгаагийн нэг нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө бөгөөд үүний тод жишээ нь гэр хорооллын айл өрхүүд өвлийн улиралд нүүрс түлдгээс агаарын бохирдол нэмэгдэж, хашаа болгонд нүхэн жорлон хэрэглэснээс хөрсний бохирдол нэмэгдэж байна. Гэр хороолол эмх цэгцгүй тэлэх тусам цаашид үүсэх хор хохирол ихэснэ.

Сумын баруун, баруун хойноос салхи хүчтэй салхилдаг онцлогтой. Сум нь одоогийн байдлаар усны нөөц багатай байна. Хуучин ажиллаж байсан уурхайн гүний ус олон жилийн турш газрын гадагууд өөрийн даралтаар гарч ирдэг тул энэ усыг цэвэршүүлэн ундны усны зориулалтаар ашиглах боломжтойг шинжилгээгээр тогтоогоод байна.

Project Details

Client : Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум
Date : 03/09/2015
Skills : Хот төлөвлөлт
Address : http://www.sukhbaatar.mn

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК